Талцаа ба хорсол

by gala_mn@yahoo.com / https://galbadrakh.wordpress.com

Талцаа ба хорсол
Нийтэлсэн Гомбосүрэнгийн Галбадрах
2008/10/23 – 00:29
Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй байдаг”  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын туршилт дор хөгжиж асан 70 гаран жил, ардчилсан хувьсгалын шилжилтийн хэмээх 20 орчим жил дор ч төдийлэн эвлэлдэн нэгдэж, хүчирхэгжиж чадсангүй. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй болж, өөдлөн хөгжих гэсэн олон монголчуудын хүсэл эрмэлзлэл нь хуваагдаж талцсан хоосон хийрхэл, бие биедээ атаархаж хорсох өчүүхэн хий үзэгдлийн хадан ханыг мөргөн бут үсэрч байна. Эвлэлдэн нэгдэхийг хүсч уриалсан сэтгэлийг, “энэ чинь бүтэхгүй ээ’  гэж хашгиралдах харь сэтгэл, хорссондоо бие биеэ харааж зүхэх бүдүүлэг хорон үгс хиртээн гутааж байна.

Цөөхөн монголчууд бид энэ цаг дор зөв эерэгүү санаа бодлоо нэгтгэж, бие биеэ хайрлан хүндэлж, шударга бус, бусармаг муу бүхний эсрэг эвлэлдэж, сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэхийг эсэргүүцэн, элдэв муу үгээр доромжлон гутаах нь хэнд ашигтай байж болох вэ? Лав л надад, танд, бидэнд болон бидний үр хүүхдүүдэд ашигтай бусаар барахгүй туйлын хортой.
Атгасан гар мэт эв нэгдэлтэй,  хүчирхэг, хөгжингүй монгол орны эсрэг харь дайсныг бус “харь сэтгэл”-ийг өөрсдөөсөө хайх цаг болжээ. Үүнийг биднээс өөр хэн хийх билээ.

Талцаа
Өдгөө бид нэгэн үзүүрт, нэгдмэл сэтгэлийн оронд тарж талцсан ямар олон, өчүүхэн сэтгэлд хуваагднам бэ?
-Улс төрийн намуудын төлөөх талцаан:
2.6 сая орчим хүн амтай монгол оронд 30 орчим улс төрийн намууд оршин тогтож, ”
гишүүнчлэл” нэрээр ард олныг хуваан талцуулж, өөр хооронд нь тэмцэлдүүлж байна. Эцэс сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ залгиж, өдгөө улс төрийн тавцанд МАХН, АН хэмээн хуваагдаж, элдэв булхай, зальхай луйвар, эрээ цээргүй хууль бус үйлдлээрээ өрсөлдөн гайхуулах болов. Гишүүнчлэл хэмээх нэрийн дор ард иргэдийг талцуулж, эгээ л хотны ноход шиг архиралдуулан хэрэлдүүлж, харин намуудыг удирдаж буй цөөхөн бүлэг эрхмүүд, уулын орой дээр суун 2 барын ноцолдооныг харан баясах сармагчингийн үлгэр лугаа адил. Хатуу чанга үзэл бодол итгэл үнэмшлээрээ бус эрх мэдэл, хууль бус ашиг олзын төлөөх хэсэг бүлэг эрхмүүдийг даган хийрхэх талцааны сонгодог жишээ нь энэ жилийн УЙХ -ын сонгуулийн дараа болсон 7сарын 1 ний үймээн, ирц хүрээгүй хэдий ч ор нэр хэмээсэн саяны орон нутгийн сонгууль байлаа.
Энэ бүхний эцэст бүгдийн хүсэн хүлээж байгаа “шударга ёс’  бий болсонгүй ээ.
-Жалгархаг үзэл ба нутгийн зөвлөл.

Монгол улс 21 аймаг бас нийслэл хотод хуваагддаг.Нийслэл Улаанбаатар хотод 21 аймгийн нутгийн зөвлөлтэй. Хэрэв та анзаарсан бол энэхүү нутгийн зөвлөл гээчийг тэр нутгаас төрсөн УЙХ гишүүн эсвэл мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн эрхэм удирдаж  бусдыг үлгэрлэн дагуулж байдаг. Тэд тэр л нутгаасаа төрсөн жаахан боломжтой иргэдээсээ мөнгө цуглуулж, хэн нэгэн эрхэм эсвэл одонцрыг алдаршуулан мандуулахын тулд бөх барилдуулан, дуу хуур дэглэж, сая саяар нь мөнгө өгч,  байр машин бэлэглэж бусдын атаархлыг төрүүлж хорыг малтана. Гэсэн атлаа тэр нутгаасаа гарч, өвдөж зовж, ядарч зүдэрч яваа хэн нэгэнд туслан буян үйлдэж багаа талаар би лав сонссонгүй. Тэд улс төрийн намуудын талцаагаа ч умартан, өөр хоорондоо нам эвлэлдэж, сэм хуйвалдан улс төрийн наймаа арилжаа хийнэ. Улс төрийн жалгархаг бүлгүүдийн сонгодог жишээ тэртээ нэгэн цагт Увс аймгаас гарч, Завхан аймгийг дамжин, өдгөө Архангай аймагт ирээд буй.
Саяхан Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртсэн Н.Түвшинбаярын амжилтын төлөө монгол орон даяараа бахдан баярлаж байхад “Монгол орны бүх зүйлийн анхдагчид нь зөвхөн Булган аймгийнхан байдаг” хэмээн ярилцлага өгөх хөөрүү нэгэн, нутгаасаа төрсөн аваргадаа бие биесээсээ өрсөн гайхуулан өргөх бэлэг сэлт, найр наадам энэ бүхний сонгодог жишээ байлаа.  Бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх нутгийн зөвлөл гээчийн ач тусаар ‘тасартлаа” хөгжчихсөн нэг ч аймаг өнөө хэр алга л байна даа.

-Хот хөдөөгийн талцаa
Нийслэл Улаанбаатар хотод Монгол орны нийт иргэдийн тал хувь нь буюу 1.3 сая хүн суурьшиж, 21 аймгийн нутгийн зөвлөл байгуулагдаж, найр наадам зохиож наргиан цэнгээн үүсгэхээр,  нийслэл хотод төрж өссөн нэг хэсгийнх нь эгдүү хүрч “улаан хацартай’, “найр наадамд дуртай”, ” бүдүүлэг’ гэхчилэн шоолон тохуурхана. Ямар Улаанбаатар хотдоо Улаанбаатарын нутгийн зөвлөл байгуулалтай биш.  Хариуд нь хотод суурьшсан хөдөөнийхэн ‘их зантай”, ‘амьдрал мэдэхгүй’, “цамаан зантай, ямаан омогтой” хэмээн цоллож хариу барина. Энэ эгдүүцэл зохиолын болон бусад дуучдүн тоглолтын үеэр багагүй илэрнэ. Ядахнаа л өргөн уудам газар нутагтаа эзний ёсоор тархан суух боломжийг нь олгох санаачлага өнөө хир үгүйлэгдсээр л байна.

-Эх орондоо байгаа болон гадаадад байгаа монголчуудын талцаа
Цахим мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт олон төлийн цахим хуудас болон блогуудийн бичлэгүүдийн дорхи сэтгэгдэлүүдээс үүнийг мэдэрч болно. Монголын хөгжлийн төлөө олон янзын санаа бодол,  хэлэлцүүлэг болон бичлэгүүдийн доор “эх орноосоо урвагч’ “хувиа бодогч’,”ажилгүй залхуу’ “эх орноо худалдагч ‘  хэмээх олон цол нэрнүүд болон элдэв хараал зүхэл занал, бүдүүлэг үг хэллэгүүдийн гайхамшигт цуглуулгыг уншиж болно. Энэ бүхний сонгодог жишээ нь саяхан Р.Эмүжингийн бичсэн “Америк хээнцэрлэл”  бичлэгийг тойрсон бухимдал байлаа.
Ердийн нэгэн сэтгүүлч өөрийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан мэт ингэтлээ ач холбогдол өгч тэвдэцгээх хэрэг юусан билээ. Эцэс сүүлдээ “эх орондоо хэн нь илүү хайртай вэ?’ гэдэг уралдаанд оролцож буй мэт маргалдаж, бие биеэ гутаан доромжлох нь хэнд хэрэгтэй вэ?
Өдгөө цаг дор Монгол орон дахь шударга бус байдал, авилгал, хүнд суртал, хээл хахууль, элдэв бүлэглэлүүдийн хууль бус үйлдлийн эсрэг эвлэлдэн, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх цаг болжээ. Яаж өөрчлөхийг би мэдэхгүй ч ‘бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” болдгийг мэднэ. “Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн хэн нэгийгээ шүүмжилж доромжлох бус зөв сайн санаа бодлоо дэмжиж , санаа бодлоо уралдуулбаас зөв сайн гарц олдоно гэдэгт итгэж байна.

Хорсол
МАХН, Монгол орныг 70 гаран жил удирдахдаа олон нийтийн санаа бодлыг тандаж, өөрсдөд нь ховлон мэдээлж байдаг мэдээлэгчдийн нууц сүлжээг бий болгосон юм. Тэд бусдын санаа бодлыг мэдээлээд зогсохгүй, бусдын дунд яс хаяж, хутган үймүүлж, хэн нэгнийг дарамталж, бусдаар үзэн ядуулж, сэтгэл зүйг нь сэглэн зовоож байсан нь одоо улам бүр ил болсоор байна. Ийм хүмүүсийг тэр цаг үед “бууны ноход” гэж жигшин нэрлэж байсан юм даа. Эдний ач тусаар “сэхээтний төөрөгдөл”  нэрээр олон эх оронч, ухаантан мэргэд түүний дотор Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Төмөр-Өчир, Р.Чойном нар амьд ахуй цагтаа ч үзэн ядалтын хар дарамтан дор сэтгэл зүрхээрээ “ял эдэлж” байсан. Хүнийг ил далд дарамтлан доромжилж, үзэн ядахыг олон нийтэд уриалж, элдэв алдаа оноо, хувийн амьдрал болон асуудлуудыг нь олон нийтэд дэлгэж, гутаан доромжлох нь хамгийн хүнд гэмт хэрэг юм. Ийм үйлдэл нь хүнд ил биш сэтгэл зүрхийг нь шархлуулж, зовоон тарчлаадагаараа, үүнийхээ төлөө ял шийтгэл хүлээдэггүйгээрээ хамгийн хорлонтой.
Цахим мэдээлэл хөгжиж байгаа өнөө үед, олон төрлийн цахим хуудас болон энэ төрлийн мэдээллийн хэрэгслэлүүд дээр гарсан бичлэгүүдийн доорхи сэтгэгдэл гэгчүүдийг уншиж байхад тэртээ нэгэн цагт МАХН -ын бий болгон хөгжүүлж байсан “бууны ноход” өнөө цагт дахин сэргэж байна уу даа гэж бодоход хүргэж, харамсал төрүүлж байна. Энэ сэтгэгдэл гэгчийн цаад зорилго нь уг бичсэн зүйлийн талаар олон хүмүүс өөрийн санаа бодлоо дэлгэж, дээр хэлсэнчлэн “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй’ гэдгийг харуулах гэсэн болов уу гэж бодном. Гэтэл энд сэтгэгдэл бичигч өөрийн нэр хаягаа тавьдаггүйг далимдуулан бичсэн зүйлийнх нь тухай биш бичиж байгаа хүнийх нь талаар даанч эрээ цээргүй бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжлон чухам ингэхийг бусдад уриална. Саяын УЙХ-ын сонгуулийн үеэр ийм байдал бүр ихээр даамжирч, тэр л хийрхэл хөөрөл нь өнөө хэр дарагдахгүй байна.
Улс төрийн зорилгоор аль нэгэн намууд ийм хүмүүсийг бэлтгэж бас цалинжуулж ажиллаалсан хэмээн нотлогдоогүй атлаа хардлага төдий ярйа гараад замхарсан. Хэрэв энэ бүхэн үнэн байгаад нотлогдох аваас тэр улстөрийн намыг татан буулгахыг шаардах ёстой. Энэ үйлдэл нь Монголчуудын эв нэгдлийн эсрэг, хагалан бутаргах зорилготой маш хүнд гэмт хэрэг мөн.
Ийм зүйл бичигчид хүний гарал үүсэл, удам угсаа, нүүр царай бие эрхтэний согог, хувийн амьдрал болон хувийн асуудлуудыг нь эрээ цээргүй дэлгэж, монгол орос англи хараалыг гайхамшигтайгаар урсгаж, шоолж үзэн ядахыг бусдад уриална. Тэр ч байтугай эх орноос нь хөөж, эсвэл эх оронд нь дуудаж, алж хядах бас юуг ч юм үзүүлж өгөхөө амална. Ингэж болно гэж үү? Хэн нэгний тухай ийм зүйл бичигч нь уг хүний хамгийн дотно байсан , эсвэл сайн танил магадгүй сайн найз нь ч байгаа нь бичиж буй мэдээллээс нь харагддаг. Тэд юуны тулд ийн хорсож, хорслоо ингэж илэрхийлнэ вэ?
“Цөөхөн Монголчууд бид эв нэгдэлтэй байж ,бие биеэ хүндэлж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэе” гэж бичвэл хариуд нь “Үхэр Монголчууд яг нэгдэж харагдаач” гэж бичнэ. Харин үхэр биш тэр Монглолын нэр хаяг нь байдаггүй. Хэрэв тэд хэн нэгний бууны нохой биш юм бол, Монголчуудын эв нэгдлээс тэгтлээ хорсож татгалзаж байгаа бол “үхэр оготно” шиг л амьтан байж болох юм даа.

Бүх хэвлэл мэдээлллийн хэрэгслэлүүд , цахим мэдээлллинхэрэгслэлүүд нь бүх Монголчуудын санаа бодлоо солилцож, мэдээлэл авч, бие биеэ таньж бас дэнжиж болох цорын ганц боломж. Энэ боломжийг ингэж эвдэлж гутааж бас буруугаар ашиглаж ашиглуулж хэрэхвч болохгүй. Ийм байдлыг цааш удаан үргэлжлүүлбэл цөөхөн Монглочуудыг улам хагаралдуулж, сэтгэлийг нь хиртээж, бие биеэ үзэн ядахад хүргэж болзошгүй. Энэ байдлыг таслан зогсоохын тулд:
-Бүх цахим мэдээлэл ажиллуулдаг хүмүүс бичигдэж буй сэтгэгдэлүүдэд хяналт тавьж, бүдүүлэг доромж бүхий бичлэгүүдийг устгаж, “вирус”-ээс хамгаалж байх хэрэгтэй.
-Заавал ийм зүйл бичихийг шаардаад байвал, үнэн зөв нэр хаягтай нь тавьж байх хэрэгтэй.
Хэдий болтол бид ийм бохир заваан бүдүүлэг доромж зүйлсийг уншиж байх вэ?
Харин бичлэгтэй хамаатай шүүмж , сануулгыг энд хэлээгүй шүү. Ийм үзэгдлүүдийг байдаг л зүйл гэж үзвэл бидний үр хүүхэд хойч үе маань яах вэ? Тэд өнөөгийн бид шиг “за яахав? жингийн цуваа явж л байдаг жингэрийн ноход хуцаж л байдаг” гэсэн үгээр өөрсдийгөө тайвшруулаад зогсож байх уу? Дэлхий даяараа үсрэнгүй хөгжиж байгаа өнөө цаг дор жингийн цуваа ч жингэрийн ноход ч бас үгүй болж байгааг бид мартаж боломгүй.
Төгсгөл
Хэдий муу муухай зүйл олон байгаа ч Монгол орон минь өдрөөс өдөрт хөгжиж л байна. Жижиг гэлтгүй гаднаас тусламж авалгүйгээр өөрчилж болох олон боломжууд бидэнд бий. Бие биеэ ойлгохоос эхлээд бие биеэ хүндлэх, зөв аятай бас бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэх, зөв санаа бодлоо дэмжиж олон талаас нь хэлэлцэж өөрсдөө үлгэрлэх гээд л. Заавал засгийн газрын тогтоол хүлээлгүйгээр өөр хоорондоо эелдэг найрсаг харьцаа бий болгох гээд оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. Монголчууд бид хувиа бодсон, атаархуу, арчаа муутай хүмүүс гээд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд суувал хэн нэгэн сайхан сэтгэл хөрөнгө мөнгө гаргаад, зээл тусламж олгоод биднийг өөрчлөхгүй шүү дээ.
Бүх зүйл өөр хэнээс ч биш Монголчууд биднээс өөрсдөөс шалтгаална. Өөрийнхөө төлөө эс гэхэд үр хүүхэд хойч үейинхнийхээ төлөө хийх, өөрчлэх зүйл олон байнаа.
Эвлэлдэн нэгдэж хүчирхэг болохын эхлэл эндээс л тавигдана. Хэлэхэд амархан хийхэд хэцүү ч “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ хэзээ ч бүү мартагтун!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail:gala_mn@yahoo.com

Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
<!–
document.write( ‘</’ );
document.write( ‘span>’ );
//–>
2008-10-23

October 23, 2008 at 10:13 pm Leave a comment

“Эзэнгүй айл” шиг эх орон минь

by gala_mn@yahoo.com / https://galbadrakh.wordpress.com

“Эзэнгүй айл” шиг эх орон минь.
2008 оны 10 сарын 18

Алба амины ажлаар урт богино хугацаагаар монголчууд бид гадаадын олон оронд олонтаа зорчдог. Баримт бичгээ шалгуулаад хилийн дээс алхсанаас хойш гадаа хэдий нартай ч сэтгэл нэг л жиндүүхэн. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчлэн хүссэн ч эс хүссэн ч очсон орныхоо хууль дүрмийг нь дагаж  алхах газар, хийх үйлдэл маань ч “хашигдана”. Хичнээн сайхан харагдаж хөгжил соёлыг нь шагшин бахдаж байвч хүний нутаг бол хүний нутаг л байдаг. Гоёмсог тавилгатай, гял цял болсон айлд зочилж буй мэт биеэ бариад нэг л хүнийрхүү. Ядахнаа халууцаж ахуйд өмссөн хувцсаа нимгэлээд гадаа зүлгэн дээр тарвалзах хүсэл байвч эрх нь үгүй. ‘Бор гэртээ богд хар гэртээ хаан” гэдэгчлэн буцаад очих эх оронтой болохоор бачуурсан сэтгэлд минь бүлээхэн салхи сэвэлзэнэ. “За яахав нэг л өдөр гэртээ харьж өөрийн дураар тарвалзана даа” хэмээн бачуурсан сэтгэлээ сэмхэн аргадна.

Эзэн нь байж эрвэлзэж дэрвэлзэх эх оронтой байна гэдэг юутай сайхан. Харийн нутаг давчдаад байвч буугаад мордох биш буцаад очих эх оронтой болохоор сэтгэл цаанаа л өег бас бардам.

Харийнхан Монголд.
Монгол оронд минь бидэнтэй зөрөөд очсон гадныхан монгол хүмүүсийн найрсаг зочломтгой, гэнэн цайлган сэтгэлтэй, тэнүүн уудам газар нутагтайг нь атаархаад байгаа ч юм шиг ёжилж шоолоод ч байгаа юм шиг үл ойлгогдох өнгөөр ярьж бичиж сурталчилна. Өөрийн орондоо эдэлж үзээгүй эрх чөлөө, хүндлэл, идэж үзээгүй хоол унд, амсаж чадаагүй жаргалыг амсан ‘тамшаална”. Эгээ л эзэнгүй айлын хойморт энгэр задгай налайн хэвтэж, эрх дураараа тарвалзах мэт.
-Тэд Монгол оронд баар, ресторан ажиллуулж, ард иргэдийг нь архи согтууруулах ундаагаар хордуулж, ажиллаж олсон мөнгийг нь халааснаас нь хулгайлна.
-Тэд Монгол оронд минь зочид буудал саун барьж, хацар гоо охидыг нь бузарлаж, худалдаж халаасаа түнтийлгэнэ.
-Тэд Монгол орны минь хөрс шороог харх аятай ухаж сэндийчэн, баялгийг нь шороотой нь хамт зөөн байгаль дэлхийг сүйтгэнэ.
-Тэд Монгол орны миньан амьтан ургамлыг нь өөрсдөөр нь устгуулан нутаг руугаа зөөнө.
-Тэд Монгол орны минь чандмань эрдэнэ гэж дуулагдаж асан таван хошуу малын минь арьс үс, мах, амьсгалаас бусад эрхтнийг нь арилжиж наймаалан баяжина.
Хэн тэдэнд ийм боломжийг олгож байна вэ? Монгол орны хуулийг нь гууль болгож бүх л зүйлийг нь мөнгөөр үнэлэн, дур зоргоороо авирлах эрхийг хэн тэдэнд өгч байна вэ? Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд тэр л орондоо ингэж чадна гэж үү? Харь орны нутагт цэцгийн ганц дэлбээг таслах ч эрхгүй, хуулийн дор ажиллаж амьдарч яваа монголчуудын эзгүйд, хавар цагт нэгэнтээ цэцэглэх яргуй цэцгийг нь ямаанаас нь урьтан уут уутаар нь түүж одох харийнханд ийм боломжийг хэн олгож байна вэ?
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай
Лан лан мөнгөөр манийгаа худалдсан сайдууд гуай хэмээн аль өмнө зууны өдийд дуулагдаж асан дууны үг санаанд орж байна. Бүтэн зууны дараа давтагдаж асан энэ л үйлдэл хэн бүхний санааг зовоохгүй байна гэж үү?
20-р зуунд 70 жил улс орныг минь удирдсан МАХН, адгийн тэнэг архичин орос ч арай дөнгүүр монгол хүнээс ч илүү хэмээн тархийг минь угаасан. Ардчилал ялсан 1990 оноос адгийн муу Флин ч, алс холын Холландын Жаргалтхаан ч, Африк тивийн Камеруны луйварчин харууд ч биднээс баян, бас илүү гэж тархийг минь угаасан.
Улс орон даяараа, төрийн тэргүүнүүд нь ч, төрмөл сайхан биетэнгүүд ч хөл алдаж, түмэн олон монголчуудаа нүүр хийх газаргүй болгож асан хөгийн түүх ч мартагдаагүй байна. Энэ бүхний буруутан нь тэр үед төр барьж асан, өдгөө ч төр барьж байгаа эрхмүүд биш гэж үү?
Харь газар ажиллаж амьдарч байгаа монголчууд хууль дүрэм сахин хөдөлмөрлөж, хөгжиж байхад, харь орноос ирсэн ядуу бүдүүлэг иргэд хууль дүрмийг нь зөрчиж “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэж дураараа авирлаж байх гэж үү? Харь газрын мөнгөтэй нэгний гар хөл, зарц нь болсон өчүүхэн барлагууд л Эмээлт, Налайхад эдлэн газар, бизнестэй эзэн хүний дүр эсгэн ихэмсэг нь аргагүй ярвалзаж байна. Хууль дүрмээ мөрдөж чаддаггүй, хүнд суртал, авилгалдаа хүлэгдсэн монголын түшмэдийн сул тал дээр тэд л тоглож, доромжилж байна. Монголын сайхан оронд минь тэр нэгэн жил Далай ламын айлчлалыг дагалдаж чимээгүйхэн ирээд буцсан Ричард Гир, Төв аймгийн алдарт малчныд баримтат кино хийхээр чимээгүйхэн ирээд буцсан Жулия Роберт нараас өөр Холливиудын одод очоогүй байна.
Тэртээ нэгэн цагт “тэнгэрийн зарлиг’-аар дэлхийн талыг эзэгнэж асан түүхт Монгол орон минь өнөө цагт “эзэнгүй айл”шиг болчихоо юу даа.

Худалдагдсан бүсгүй заяа.
-Солонгос эртэй гэр бүл болоход зуучилна.
-Хонг Конг, Сингапур, Бээжин, Хөх хотод царайлаг гоё биетэй охидыг өндөр цалинтай ажилд зуучилна.
-Германд царайлаг залуухан охидыг хүүхэд харах ажилд зуучилна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тасралтгүй залхатлаа цацагдах ийм төрлийн заруудтай зэрэгцэн, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх” олон улсын хурал болж, зангиатай зангиагүй эрхмүүд илтгэл тавьж ,хэлэлцэн шүүмжилнэ. Өдгөө монголд хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүний эрхийн төв, хүйсийн тэгш эрхийн төв гэхчилэн гадаадын санхүүжилттэй олон байгууллагууд ажилладаг. Яг эдэнтэй зэрэгцээд гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах олон хувийн байгууллагууд ажиллаж байна. Яг л хошин шог жүжиг шиг. Харин хэн нь сайн ажиллаж байгааг Цагдаагийн газрын мэдээллүүд нотлоод өгнө.
“Мөнгө цагаан нүд улаан” гэдэгчлэн энэ төрлийн бизнесийг сурталчлан, дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлд ёс зүй, эх оронч сэтгэл, хүн чанар гэж байна уу? Ичих ч үгүй энэ төрлийн бизнесийн муу үр дагавар болох биеэ үнэлэгчдийн талаар ид бах болгон мэдээлсээр. Өөрсдийгөө 4 дэх засаглал гэж хөөрөгдөг хэвлэл мэдээллийнхэн эх оронч сэтгэлээ илэрхийлж энэ бүхний эсрэг нэгдэн тэмцэж байх ёстой биш гэж үү? Тэртээ нэгэн цагт “халуун хөнжил” сониныг хааж, садар самуунтай эрэлхэг цогтой тэмцэж асан нэгэн цагт УЙХ -ыг даргалж байсан, өдгөө ХЗДХЯ ны сайд Ц.Нямдорж энэ бүхнийг олж харахгүй баймааргүй сэн.
Гадаад эртэй гэр бүл болоход найдвартай зуучилж, аз жаргалыг тань худалдан авч өгнө гэж сурталчлах зарын дагуу, хацар гоо монгол охид, харь орны хөгшин залуу, арчаатай арчаагүй, тахир татуу, тэр орны бүсгүйчүүдэд тоогддогүй эрсийн хурааж хуримтлуулсан мөнгөний төлөөс болон ‘худалдагдана”. Хэл мэдэхгүй, заншил мэдрэхгүй, буцья мөнгөгүй, амьдарья сэтгэл хүсэл үгүй, хэн нэгэн гадаад эрийн хөрөнгө болон хувь заяатайгаа эвлэрч суугаа олон монгол бүсгүйчүүд байгаа.
Тэгтлээ охид бүсгүйчүүдээ гадаадад худалдаад байх олуулаа билүү бид. Ядахнаа зүгээр тараана гэж амлаад байгаа мөнгөнөөсөө төрсөн эхчүүдэд хүүхдийнхээ мөнгөөр амьдраад байх боломж олгохын төлөө санаа тавьж болмоор.
Хамгийн сүүлийн мэдээгээр 18 настай жаахан охин, өөрсдийгөө гоо гэж боддог 20 орчин монгол бүсгүйчүүдийг Өвөрмөнгөлын Цэцгээ гэдэг бүсгүйтэй хамтран урагш гарагж биейиг нь үнэлүүлэх завдаж байгаад баригдсан тухай “бахархмаар ч юм шиг’, ‘ аймаар ч юм шиг” мэдээ дэлгэжээ. 18 нас хүрч яваа жаахан охинд хууртагдаж байдаг нас биед хүрсэн тэр бүсгүйчүүд, мэдээлж байгаа мэдээллийн хэрэгслэлүүд, шалгаж байгаа цагдаагийнхан хөөрхий. Янхан болж гадаадад худалдагдаж байгаа хацар гоо охидоо харааж ерөөж байгаа бид ч бас хөөрхий. “Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том” гэдэгчлэн алт зэс, нүүрс ураны хойноос бүхнийг умартан хөөцөлдөж яваа өрхийн тэргүүн маань бүр ч хөөрхий. Хөөрхий бид хүн чанар, нэр хүнд, оюун ухаанаа хэдий болтол мөнгөөр арилжих юм бол.

Газар нутгийн наймаа.
Монгол дахь уул уурхай кадастрын албаныхан олгосон хайгуулын болон ашиглалтын лицензүүдээ эх оронч сэтгэлээр очоод шалгадаг бол, Улаанбаатар хотын газрын албаныхан зөвшөөрөл өгсөн газрынхаа ашиглалтыг эх оронч зориг гаргаад очоод шалгадаг бол энэ бүхний ард хэн нэгэн хангүг, эсвэл хужаа байгааг төвөггүй мэдэх болно.Хэн нэгэн монгол иргэний нэр дээр авсан ийм арилжааны газрууд ихэвчлэн авилгал дагуулдаг учраас тэд шалгаж илрүүлэхийг хүсдэггүй. Тийм учраас Хятад Солонгосын баячуудын гар хөл болсон босс дүртэй барлагууд монголын хууль дүрмийг, авилгалч түшмэдтэй нь хамтад нь нулимчихаад хээв нэг давхиж одно. Чин үнэнээр шалгаж үзвэл монгол орны газар нутгийн багагүй хувь нь гадныхны мэдэлд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэн эдэнд ийм боломж олгож байна вэ? Газрын зөвшөөрлийг ашигтай бизнес болгон хувиргасан хэмээн нэрлэгдээд байгаа эрхмүүд өнөөдөр УЙХ, засгийн газарт алба хашиж эх орондоо хэр хайртайгаа нотлох гэж байна. Газрын хэвлийн баялгийг ашиглах гэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаны ард заавал хэн нэгэн эрх мэдэлтэн, авилгалч түшмэд байдаг нь ердийн үзэгдэл болон хувирчээ. Харин ийм бусармаг үйлдлийг таслан зогсоох бүү хэл,  илрүүлэн хариуцлага тооцох төр байхгүй цагт шударга ёсны талаар ярих ч зүйлгүй болж энэ нь эцэстээ ард иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна даа. Харсаар үзсээр байтал харах нүдэн дээр нь харь орны нэгэн, газар нутгийг нь эзэмшиж, эздийг нь хөөж, доромжилж байхад өмгөөлж хамгаалах эзэн үгүй байна гэдгийг хэн ч төсөөлөөд бодоход ч харамсмаар.
Эгээ л айлын уяан дээрх морийг нь хөтлөн, алсад билчих мал сүргийг нь туун, хээв нэг одох харь эрхмүүдийн араас халаглан харамсан уйлалдан үлдэх, эзэн нь үгүй айлын хүүхэд хөгшид мэт.

Гадагшаа урсах мөнгөний урсгал.
Эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн, төрийн бүх хангамжтайгаа АНУ -д албан бусаар ирээд буцсан Монгол улсын одоогийн ерөнхийлэгч Н.Энхбаярын зардлын 80000$ шуугиан тэгсгээд замхарсан. Монгол улсын ерөнхийлэгч байхдаа Н.Багабанди БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр охиныхоо суралцдаг сургуульд зочилж Монгол төрийн өмнөөс бэлэг гардуулсан гэдэг. Харин тэр сургуульд суралцаж байсан нэгэн монгол охиныг хамт суралцаж байсан Ветьнам охин нь; ‘танай улс их баян юмаа, одоо танай аав ээж ирээд манай сургуульд шинэ барилга бэлэглэчих юм биш биз’ хэмээн ёжилсон тухай надад хуучилж байсан.
“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй”  гэдгийн үлгэрээр төрийн тэргүүнүүдийн энэ жишгээр ихэнхи одонцорууд , эрхэм улстөрчид бас бизнесменүүд Хөх хот, Бээжин, Сөүлийг зорин зэрэг зиндаагаа гайхуулах болж дээ.
Энэ бүхэнд зарцуулж байгаа мөнгөөр эх оронч сэтгэл гаргаад эмчилгээ оношлогооны орчин үейин төв, дэлхийн жишигт хүрсэн ганц сургууль байгуулах санаачлага өдий болтол гарахгүй байгаа нь илүү гайхал төрүүлнэ. Ийм л маягаар гадаадад ажиллаж байгаа монголчуудын эх орондоо илгээсэн мөнгө буцаад гадагшаа л урсаж байна шүү дээ. Гадагшаа урсах энэ их мөнгөний урсгалыг эх орондоо тогтоон барихад тийм их ухаан, тэвчээр хэрэгтэй байдаг юм болов уу?
Эрхэм УЙХ -ын гишүүн бас одонцор хэн нэгэн гадаадад эмчлүүлэхээр явж байгаа тухай сүр жавхлант сүржин мэдээнүүдээрээ хэвлэл мэдээлллин хэрэгслэлүүд юуг сурталчлаад байгааг таахад төвөгтэй биш. “Ялихгүй зусар баяжихад саад” гэдэг үг байдаг даа.

Төгсгөл.
Энэ бүхнийг бичиж байхдаа би “эх оронч’  сэтгэл гэж юу болох тухай бодож байлаа.
Хөрс шороот газар нутгаа, хацар гоо охидоо харьд худалдагдаж байгааг харах бүрдээ сэтгэл зүрх чинь шаналахгүй байгаа бол чи эх оронч хүн биш ээ. Эх орондоо хайртай хэмээн хэнхдэг цээжээ дэлдэж,  хэл амаа билүүдэж байгаа эрхэм улстөрчид та бүхэнд энэ бүхнийг зориглож хийхгүй байгаагийн төлөө итгэхгүй байна.
…Эцэг өвгөд, аугаа өвөг дээдсийн минь үлдээж өгсөн энэ л газар нутаг, монгол заншил, монгол үнэт чанараа алдах эрх бидэнд байхгүй. Тэд цусаараа, ухаанаараа энэ л монгол орныг бидэнд үлдээсэн. Өдгөө л харин эзэнгүй мэт хоймор нь эзгүйрч, эмс охид нь хормойгоо задгайлж,  газар нутаг нь гундаж, эд баялаг нь хомсдож байна даа.
…Бид Буянт-Ухаад газардахдаа, Улаанбаатар өртөөнд буухдаа нэг л цээж тэнүүн амьсгалдаг. Эргэн тойрноо омог бардам харж, өөрийгөө энэ нутгийн эзэн нь гэж мэдэрдэг. Бид энэ л агаарт ичиж зоволгүйгээр чанга хашгирч, энэ л хөрсөн дээр тааваараа хөрвөөнө. үүний төлөө хэн ч намайг дарамталж шийтгэдэггүй. Яагаад гэвэл бид л энэ сайхан нутгийн эзэн нь. Харин эзэн шиг л эзэн байх сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: gala_mn@yahoo.com This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
<!–
document.write( ‘</’ );
document.write( ’span>’ );
//–>
2008-10-18

October 19, 2008 at 3:09 am Leave a comment

Монгол орны “Үсрэнгүй хөгжилд” хэрэгтэй “үнэ цэнэтэй” хүмүүс

Монгол орны “Үсрэнгүй хөгжилд” хэрэгтэй “үнэ цэнэтэй” хүмүүс.

22.Sep.2008

Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л “гүйгүүл морь” шиг эх нутаг руугаа тэмүүлдэг.
-Монгол руугаа буцах уу?
-Буцмаар л байна. Очоод яаж амьдарх вэ? гэдэг хүнд асуудал байнаа.
-Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар “Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ” гэх юм
Ийм л байдлаар эргэлзэж тээнэгэлзсэн олон монголчууд. Монгол руугаа буцна гэж ярьсан хэн нэгнийхээ “тэнэг”-ийг гайхах найз нөхөд.
Харь газар олон жил ажиллаж амьдарч, амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын Монголдоо очиж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “очоод би энд байдаг шигээ ажиллаж амьдарч чадахгүй шүү дээ”гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулна.
Түр хугацааны визтэй гадаад оронд гараад буцаж ирээгүй олон монголчуудын хувьд, ажил хийж олох мөнгөнөөс илүү үнэтэй олон зүйл байдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Энэ бол тухайн орондоо айх айдасгүй, дарамтгүй тайван амьдрал, хууль болон түүний бодит хэрэгжилт, хүмүүс хоорондын эелдэг найрсаг харьцаа, нийгмийн зүгээс иргэддээ үзүүлж байгаа сэтгэлд таатай халамж үйлчилгээ юм. Ийм орчинд хүмүүс өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөрт байгаа боломжоо сайтар ашиглан сайхан амьдрах боломжинд талархдаг. Ийм амьдралын хэмнэлд тэд өөрсдийгөө хөгжүүлж, өөрийгөө ‘үнэт баялаг” болгон хувиргаж чаддаг юм даа.
Гадаадад байгаа монголчуудын үнэ цэнэ.
1. Тэд ажил хөдөлмөр хийж сурцгаасан.
-Ажил хийнэ гэдэг нь цагаа бүртгүүлээд ажил дээрээ сонин уншиж, улс төр хов жив ярьж, компьютер тоглон цаг нөхцөөж суух хэлбэр биш, хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж амжихын тулд зогсолтгүй хөдөлмөрлөн, цаг хугацаатай уралдан ажиллах ёстой гэдгийг сайн мэднэ. “Зогсвол зоос, хөдөлбөл хөлс” гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цагаар үнэлэгддэг учраас цаг хугацаа тэдний хувь “мөнгө” бас “алт’. Би бага цаг ажиллавал бага мөнгө авна, их цаг ажиллавал их мөнгө авна гэдгийг мэддэг болохоор тэд цаг хугацааг шүтэж, үр бүтээл болгоноо мөнгө болгон хувиргахыг хичээдэг.
-Чанаргүй хийсэн ажил, үйлчилгээ нь захиалгчдад таалагдахгүй бол тэд мөнгө төлөх, үйлчлүүлэхээс татгалздаг учраас өчүүхэн ч алдаа гаргах, чанаргүй зүйл хийхээс бас татгалздаг. Чанаргүй хийсэн ажил цаг хугацаа. хөдөлмөр, мөнгийг үргүй зардал болгон хохирол авчирдаг учраас ажилдаа хамгийн хариуцлагатай хандахаас өөр гарц үгүй. Захиалагч үйлчлүүлэгч тэдэнд мөнгө төлж, ажлаар хангаж байгаа учраас тэд бол тэдний хувьд “хаан” төдийгүй бүх зүйл тэдний хүсэл сонирхолд яг таарч байх учиртай. Хэн ч дэмий зүйлд мөнгөө үрэхийг хүсдэггүй.
-Удирдлага болон эзнээ шүүмжилж, тэдний ажлыг сонжиж, ажиллаж буй газрынхаа дотоод бусад ажлыг сонирхоод байх хэрэг огт үгүй. Тэр хүн анх чамайг ажилд авахдаа ямар ажил хийлгэхийг хүссэн, түүнийг нь тун сайн хийж, тэдэнд таалагдаж байх учиртай. Шалтгаан нь тэр хүн энэ ажлыг хийсний төлөө танд мөнгө төлж байгаад байгаа юм. Бүх ажил бие биесээ хамааралтай байдаг болохоор та өөр зүйл сонирхоод шүүмжилж заагаад байх цаг ч боломж ч үгүй.
-Тогтмол цалин гэж үгүй, бүх ажлын хөлс цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Шаардлагатай үед өөрт хэрэгтэй мөнгөө олохын тулд, 2 ажил хийж, үүний төлөө өглөө 4 цагт босч, дамжин шөнийн 24 цаг хүртэл ажиллах тохиолдол ч бий. “Хүссэн хэмжээгээрээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг” энэ нийгэмд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийн утгыг жинхэнэ ойлгож мэдэрдэг.
2.Тэд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг ойлгож мэдэрцгээсэн.
-Суралцаж, сайн боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлдөг болохоор өөртөө хэрэг болох зайлшгүй мэргэжлээ сонгох хэрэгтэй болдог. Аав ээж нь малаа нядалж, эсвэл ямаагаа самнаж ноолуураа заран сургалтын төлбөр төлөх аргагүй болохоор тэд сонголтдоо бодитой хандан илүү анхаарал тавина. Сургууль чанартай тусмаа өндөр үнэтэй, бас шалгуур нь хатуу болдог болохоор хэн ч зовж олсон мөнгөө алт шиг цаг хугацаатай “дэмий үрэх”-ийг хүсэх билээ.
-Зөвхөн хүнд үзүүлэх “диплом”-ын төлөө бус цаашдын ирээдүй, амьдралын сайн баталгаагаа хангахын тулд суралцах учиртайг тэд сайн мэднэ. “Диплом” бол тэр сургуульд юу судалсныг тодорхойлж буй баримт. Харин таныг мэргэжлээрээ ажиллахыг хүсвэл, ажилд авах гэж байгууллага тань таны мэргэжлийн мэдлэг чадвар, ажил гүйцэтгэх чадвар, хамт олноор буюу багаар ажиллах чадварыг илүүтэй сонирхоно. Тийм болохоор та дүн авахын тулд бус чадвар эзэмшихийн тулд сурах ёстой болдог. Тэгээд ч өндөр боловсрол мэргэжилтэй хүнд цаашид хөгжих, илүү амжилтад хүрэх боломж олдоно.
-Өөрийн боломжоо тооцон, мөнгөө төлж, ирээдүйгээ сонгосон болохоор та зав гарахаар ангийнхантайгаа “шоудаж”, хэн нэгний төрсөн өдөр бүрийг тэмдэглэж бэлэг сэлт өгч, наргиж цэнгээд байх хэрэг төдий л байхгүй. Та сонголтоо хийж, мөнгөө төлсөн, хариуд нь танд хүссэнээ сурах бүх боломжийг олголоо, одоо бүх зүйл гагцхүү танаас шалтгаална гэдэг зарчимтай боловсролын тогтолцоо. Харин сургуулиуд нь танд бүх боломжийг олгосон байдагт “ид шид” нь оршино. Та хуульчийн диплом олж авчихаад аль нэгэн хорооллын дэлгүүрт худалдагч хийж суухыг хүсэхгүй биз дээ?
-Хэрэв та үнэхээр сурч чадахгүй бол бусдыг дуурайж, хэн нэгэнд гайхуулах гэж суралцах хэрэггүй биз дээ? Түүнд орвол эртхэн ажил хийж сурч их мөнгө олж амьдралаа бодсон нь дээр гэдгийг тэд сайн ойлгодог. Тийм болохоор тэд сургалтын төлбөрөө төлөхийн тулд ажил хийж, бас олон арга замыг эрж хайн олж сонгодог.
Хүн болгон заавал дээд боловсролтой байх албагүй. Харин өөртөө итгэлтэй, бас чадвартай бол ийм замыг сонгодог.
3. Тэд амьдрах арга ухаанд сайн суралцсан.
-Мэдээж амьдралын өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор, хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож зөв зарцуулж сурцгаадаг. Мөнгөгүй болмогцоо ах дүү, анд нөхдөөсөө эсвэл ломбард болон ХЗХ -оос мөнгө зээлэх боломж үгүй болохоор өөртөө байгаа боломжоо зөв тооцоолон мөнгөө зарцуулна.
-Бусдын амьдралын хэв маягаас санаа авч, ямар байранд амьдрах, ямар машин унах, ямар хоол хүнс хэрэглэхээ өөрсдийн боломжиндоо тааруулан шийдэж, “хөнжлийн хэрээр хөлөө жийнэ”. Алив зүйлийг худалдан авахдаа хөршдөө болон найз нөхөддөө “гайхуулах”гэж бус “хэрэгцээ” гээ бодолцон сонгоно.
-Их мөнгө олж сайхан амьдархын үндэс нь эрүүл байх явдал гэдгийг сайтар ойлгосон тэд өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнддээ сайн анхаарал тавина. Тийм болохоор ажил амралтаа зөв зохцуулж сурцгаадаг. Амралтын өдрүүдээр хэн нэгэнтэй “тасартлаа уух”-ыг тэр болгон хүсдэггүй. Ядахнаа өглөө эрт босч ажилдаа явах хэрэгтэй. Үүний тулд эрт унтаж сайхан амрахыг хүснэ.
4.Тэд хууль дүрмийг сахин биелүүлж, олон нийттэй харилцаж сурцгаасан.
-Машин бариад дүрэм зөрчих, ямар нэгэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн төлөө хэн нэгэнтэй “найрах” шаардлага үгүй. Үүнийх нь төлөө “хориг арга хэмжээ” авдаг мэдээллийн өрчин үейин маш сайн сүлжээний тогтолцоо байдаг болохоор хүссэн хүсээгүй хууль дүрмээ сахих хэрэгтэй болно. Энэчлэнгээр тэд хууль гэж юу болох , түүнийг хэрхэн дагаж мөрдөх учиртай талаар маш сайн мэддэг.
-Даатгалын зөв тогтолцоонд хамрагдаж байж, алив нэгэн болзошгүй тохиолдлын улмаас өөрт ирж болох дарамт, шаналалаас бага ч атугай ангижирч болдог. Санамсар болгоомжгүйгээс хүний машинтай мөргөлдсөний төлөө бие биеэ хараан зүхэж заамдалцаад байх шаардлага үгүй. Хэн буруутай нэгний даатгалын ханш өсч, хохирлыг даатгалын газар хүнд сурталгүйгээр барагдийлж өгнө. Харин таны даатгалын хэмжээ өсөх бүрд та “найдвар муутай” этгээдийн тоонд бүртгэгдэнэ.
-Алив нэгэн асуудлаар төрийн аль ч байгууллагад хандахад, үйлчилгээний ажилтан нь тантай эелдгээр инээмсэглэн харьцаж, асуудлыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэж өгөх буюу хэрэв боломжгүй бол яах хэрэгтэй тухай шаардлагатай мэдээлэл буюу зөвлөлгөө хэлж өгч тусална. Энэ бол таны төлсөн татвараар цалинжиж буй тэдний хийх ёстой үндсэн ажил нь. Тийм болохоор та хэн нэгнийг гуйж царайчлах, удаан хүлээж залхах, эсвэл “гарыг нь цайлгах” хэрэг огт үгүй. Урдаас тань инээмсэглэж эелдэг харьцаж байгаа тэдний өөдөөс хөмсгөө зангидан, уур бухимдлаа илэрхийлэх хэрэг бүр ч үгүй. Ядахнаа тайвширсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж талархалаа илэрхийлэх хэрэгтэй болно доо.
-Таны ажил амьдрал өөр хэнээс ч биш зөвхөн танаас хамаардаг болоод ирэхээр аль нэгэн нам эвслийн гишүүн болж, цуглаанд оролцон “чулуу шидэх”, эсвэл хэн нэгэн рүү “нулимах’ хэрэг үгүй. Ийм оронд сонгуулиар бодлогын чанартай бага сага асуудал өөрчлөгдөхөөс биш төрийн тогтолцоо ганхдаггүй болохоор сонгуульд тэгтлээ ач холбогдол өгч нэр дэвшигчийн “сүр жавхланг” биширч магтан дуулах шаардлага бас үгүй. Харин та өөрийн амьдралдаа илүү санаа тавих боломжтой болноо.
5. Тэд юм үзэж нүд тайлж, өөрийгөө хөгжүүлсэн.
-Амьдарч байгаа орныхоо ярьдаг хэлээр нь их бага хэмжээгээр ярьж ойлгож сурцгаадаг. “Хэлтэй бол хөлтэй” гэдэгчлэн хэлний дамжаанд мөнгө төлөхгүй , бас албадлагагүйгээр амьдрал дээр хэл сурдаг тэдэнд энэ нь их боломжийг нээж өгдөг.
-Тэд хааяa олдох амралтын үеэрээ тэр л оронд жуулчдыг татдаг олон гайхамшигийг үзэж сэтгэлийн таашаал авна. Тэрчлэн урлагийн тоглолт, спортын тэмцээн, музей, үзэсгэлэн, зоопарк үзэж “нүд тайлцгаана”.
-Тэд чөлөөт цагаараа интенетээр аялан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг авч өөрийгөө хөгжүүлнэ. Тэд энэ хэрээр олон зүйлийг харьцуулж, оюун дүгнэлтээ хийж бодол санаагаа илэрхийлж сурна.
Гадаадад байгаа монголчууд ийм боломжийг ашиглан өөрсдийн үнэ цэнээ бий болгож, өөрийгөө ‘үнэт баялаг” болгон хувирлаж байна. Очсон орон бүхнийхээ хөгжил дэвшил ийм олон боломжуудыг харж эдэлж, мэдрэх бүрдээ “Монгол оронд минь ийм байж яагаад болохгүй гэж?” хэмээн заавал боддог. Тийм ээ! Монгол орон минь ийм болж яагаад болохгүй гэж? Үүнийг хийх тийм хэцүү гэж үү?
Бид юу хүсч байна вэ?
Саяхан Монгол улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсон С.Баярын гадаадад байгаа монголчуудад илгээсэн захидлыг уншлаа. Энэ захидлыг уншаад уярч уйлж, уурлаж басамжлаад яах вэ? Түүхэндээ анх удаа Монголын түр гадаадад байгаа монголчуудад хандсаны төлөө бид талархах учиртай. Бид үүнийг хүсэхгүй байсан гэж үү? Хүн болгон сэтгэл зүрхэндээ хүсч байсан. Харин одоо “Хүссэн юм хүзүүгээр татсан”-ы төлөө “Баярласан хэрээ бархираад ” байж бас боломгүй.
Бид юу хүсч байна вэ?
-Гадаад оронд ажил хийж хөдөлмөрийн амт, цаг хугацааны үнэ цэнэ, чанар гэж юу болохыг мэдэж сурсан энэ л чадвараараа ийм л орчинд ажиллаж, амьдралдаа хөрэлцэхүйц цалин авахыг хөсч байна. Өнөөдөр монгол оронд дүүрээд байгаа хятад, солонгос болон бусад орны “хар ажилчдаас” гадаадад ажиллаж сурсан монголчууд хол илүү. Ядахнаа тогтмол цалингаа халж ажлын бүх хөлсийг цаг болон чанараар тооцдог болохоос эхлэх хэрэгтэй байна даа.
-Айх аюул элдэв дарамт үгүйгээр Монгол орондоо элэг бүтэн, тайван амьдрахыг хүсч байна.Үүний тулд төр төрийн албан хаагч хэмээх албархуу хүнд сурталтнуудаа төрийн үйлчилгээний ажилтан хэмээх найрсаг үйлчлэгчдээр солих цаг болжээ. Ядахнаа төрийн үйлчилгээний албанд царайлаг , өндөр нуруутай, гоё биетэй бус сайхан инээмсэглэдэг, найрсаг харилцаатай хүмүүсээ бэлтгэн ажиллуулахаас эх;эх хэрэгтэй байна даа.
-Хуулийг төгс төгөлдөр болгож, хуулийг сахин мөрдөж биелүүлдэг тогтолцоо нь өндөр хөгжилтэй орнуудынх шиг байгаасай гэж хүсч байна. Иргэдээ цахим бүртгэлээр бүртгэж, нийгмийн аюулгүй дугаар бий болгож, үүгээр дамжуулан үйл хөдлөлийн түүхийг нь бүрдүүлж хяналт тавих боломж бэлэн байж байна. Хамгийн гол нь Монгол улсын хуулийн өмнө монгол иргэн бүхэн тэгш эрхтэй байх шударга ёсыг юу юунаас илүү хүсч байна даа.
-Мал, газрын баялгаас илүүтэй монгол хүний үнэлэмжийг бий болгон хүнээ хөгжүүлэхийг хүсч байна. Баялгийг хуваарилж бус баялгийг бүтээж байж хөгжинөө.
Олон авьяаслаг залуусыг гадаадын өндөр хөгжилтэй оронд төр засгийн дэмжлэгээр суралцуулан мэргэшүүлж, тэдний оюуны бүтээмжийг өндрөөр үнэлж хөгжүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн урлаг спортын олон гайхамшигт авьяастнууд өөр өөрийн “Холливиуд” бий болгон хөгжих боломж бий болж байна.
-Монгол хүн өөрийн эх орондоо, хайртай газар нутагтаа хүссэнээрээ амьдарч баялгийг бүтээж, гадаад оронд “хар ажил хийж мөнгө олох ” гэж бус аялаж , юм үзэх гэж явдаг болохыг хүсч байна.
” Хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно” гэдэг.
Монголын төр засгийн шинэ удирдлагуудын нэрлэж байгаа “Их үсрэлт”-ийн гараанд “Их боломж” бас харагдаж байна.
Төгсгөл.
Олон жил гадаадад амьдарсан Монголчуудын түрүүч нь Монголдоо амьдрахаар очиж байна. Өөрийн зардал өөрийн боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан тэд өнөөдөр хүнд суртал, авилга, хээл хахуулын хадан ханатай учирч байгаа. Шинэ санаа шинэ ажил сэдсэн тэднийг, гоёмсог костюм цамц зангиатай эрхэм хүнд сурталтан нэг гараараа дохиж занган “болохгүй”, “бүтэхгүй”-г тоочиж , нөгөө гараараа авилгын мөнгө нэхэн сарвайж байгаа. Энэ л хадан ханыг бут цохих хэрэгтэй байнаа. Өөрийгөө “суут хүн”, “ард түмний итгэл найдвар’ гэж хошин дүрдээ итгэсэн, цус ойртон доройтож яваа парламентийн гишүүд, албан тасалгааны цонхоор “амьдрал сайхан байгаа”, өөрийн дүрээ харан баясаж суугаа хүнд сурталд баглагдсан түшмэдүүдийг, өндөр хөгжилтэй оронд дэлхийн жишигтэй боловсрол мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэлтэй болсон залуусаар солих цаг болжээ. Чухам эндээс л “их үсрэлт” “их хөгжил’ эхэлнээ.
Байшин руу чулуу шидэхийн тулд бус шударга бус явдал, хүнд сурталын хадан ханыг нураахын тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Энэ захидлыг үнэн сэтгэлээсээ бичсэн бол бид ерөнхий сайд С.Баяр таныг талархан дэмжихэд бэлэн байна. Бүх зүйлийн шалгуур гагцхүү цаг хугацаа байдаг билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: gala_mn 2008-09-20

September 21, 2008 at 5:29 am 3 comments

Anhnii bichleg

Welcome to https://galbadrakh.wordpress.com. This is your first post.

Edit or delete it and start blogging!

Gogo blog boloh boltugai. Galaa ahdaa!

Asuuh tusluulah yum bii bol welcome anytime. gegeen@yahoo.com

September 21, 2008 at 5:21 am 2 comments


Contactlaarai!

December 2016
M T W T F S S
« Oct    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Categories

Feeds

Recent Posts

Top Clicks

  • None

Blog Stats

  • 555 hits